Thursday, June 25, 2009

Электрон худалдаа


Электрон худалдаа гэдэг нь олон зүйлийг агуулсан маш өргөн хүрээний ойлголт юм. Товчхондоо электрон худалдаа нь мэдээллийн технологи ашиглан хийгддэг худалдаа юм . Электрон худалдаа гэдэг нь электрон бизнесийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд интернэт технологийн тусламжтайгаар биет болон биет бус бүтээгдэхүүн үйлчилгээг худалдаална гэсэн үг юм.

Өөрөөр хэлвэл: Интернэт худалдаа (E-commerce) гэдэг нь зарж байгаа этгээдийн хувьд интернэтийн сүлжээнд байрлах өөрийн хаяг бүхий интернэт дэлгүүрээр дамжуулан бараагаа зарах, бусад үйлчилгээг үзүүлэх ба худалдан авалт хийж байгаа хүн төлбөрийн картаараа тухайн барааны төлбөрийг гүйцэтгэн бараа, үйлчилгээ авах процесс юм. Жишээлбэл, электрон худалдаа нь бизнесийн дарааллын үе шатыг агуулдаг үйлдвэрлэгч ба хэрэглэгчийн харилцааг энгийн хялбараар гүйцэлдүүлж шинээр бараа ба үйлчилгээг нийлүүлэх, зардлыг бууруулах, худалдан авагчдын сэтгэл ханамжийг өсгөх мөн аж ахуйн нэгжийг дахин бий болгох, эрх мэдлийг хуваарилан хийсвэр аж ахуйн нэгжийг бий болгох зэрэг үүрэг дагалдаж байдаг.

Электрон худалдааны бусад худалдаанаас ялгагдах хамгийн гол чанар нь интернэт дээр хийгдэгт оршино. Энэ нь цоо шинэ зүйл мэтээр бусад худалдаанаас салгаж ойлгож болохгүй бөгөөд худалдаа хийгдэх, үйл ажиллагаа явагдах зарчим ердийн худалдааны адил юм. Зөвхөн худалдаа хийгдэх орчин өөрчлөгдөж байгаа хэрэг бөгөөд үүнийгээ дагаад бизнесийн үйл ажиллагаанд өөрчлөлт орж байгаа хэрэг юм.

E-Худалдаа нь 1990 ээд оны дунд үеэс эхэлсэн бөгөөд одоо бол улам боловсронгуй, тогтвортой болсоор байна. E-Худалдаа гэдгийг явцуу утгаар нь авч үзэх юм бол интернэтийн сүлжээгээр дамжуулан бараа худалдах, худалдан авах үйл явц юм. Харин өргөн утгаараа бол E-Худалдаа гэдэг нь бүх л бизнесээ интернэтийн сүлжээг ашиглан явуулах буюу Е-Бизнес гэж нэрлэж болох юм.

Өнөөдөр электрон худалдааны хэлбэрээр ном сонин, хувцас хунар, орон байр, компьютерийн хэрэгсэл, хүнсний бүтээгдхүүн, нисэх онгоцны тасалбар гээд бараг бүх л зүйлийг худалдан авч болж байна. Мөн электрон бизнес нь байгууллагуудын хувьд : ашиг орлогоо нэмэгдүүлэх, хэрэглэгчдийнхээ тоог ихэсгэх, худалдаа болон захиалгыг бага зардлаар явуулах, бүтээгдэхүүнээ экспортлож гадаад зах зээлд гаргах гэх мэт, худалдан авагчдын хувьд : хүссэн бараа үйлчилгээгээ хурдан шуурхай авах гэсэн ашигтай талуудыг бий болгож байна. Интернэт худалдааны дараах хэлбэрүүд байдаг.
Үүнд :
  • Бизнес – Бизнес (Microsoft)
  • Бизнес – Хэрэглэгч (Amazon)
  • Хэрэглэгч - Бизнес (ebay)
  • Хэрэглэгч - Хэрэглэгч (www.classified2000.com)
  • Бизнесийн бус (их дээд сургууль, төрийн байгууллага)
2002 оны байдлаар дэлхийд нийтдээ хагас тэрбум орчим хүн интернэтийг ашиглаж байсан тооцоо байгаа бөгөөд тэдний тал хувь нь E-Худалдаагаар үйлчлүүлж байна. 1998 оны байдлаар электрон худалдааны дэлхийн мөнгөний эргэлт 34 миллиард доллар байсан бол 2002 он гэхэд 1317 миллиард болтлоо өсчээ. Энэ бол электрон худалдаа хэрхэн хөгжиж, хэрхэн газар авч байгааг харуулж байгаа юм.

No comments: