Tuesday, June 30, 2009

Интернэт маркетинг


Интернэт маркетинг буюу онлайн маркетинг эсвэл электрон маркетинг ч гэж нэрлэж болох энэхүү маркетинг нь Интернэтээр дамжуулан бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний маркетинг явуулахыг хэлнэ. Интернэт нь дэлхий дахинаа амьдарч буй хүмүүст маш бага зардлаар мэдээлэл түгээх маш том боломжыг олгож өгсөн.

Интернэт маркетинг нь сэтгэлгээний ба техникийн хүчин зүйлсийг шаардах буюу дизайн, хөгжүүлэлт, сурталчилгаа ба борлуулалтыг нэгтгэн холбож байдаг. Интернэт маркетингийн арга хэлбэрүүд нь: хайлтын системийн маркетинг, харагдах сурталчилгаа, и-мэйл маркетинг, интерактив маркетинг (WAP, SMS), хамтрах маркетинг, блог маркетинг ба хийсвэр маркетинг (social network, word of mouth) юм.

Интернэт маркетинг нь вэбсайт бүтээх ба бүтээсэн вэбсайтаа сурталчилах гэсэн үг биш бөгөөд тэрхүү вэбсайтны цаана нь ямар нэгэн бодитой байгууллага оршин тогтнож өөрсдийн гэсэн бодит зорилгод хүрэхийн тулд ажиллаж байх ёстой.

Интернэт маркетингийн стратеги нь зах зээлийн судалгааны үндсэн дээр тулгуурлан хийгдэх ба онлайнаар сурталчилж болох бүтээгдэхүүн, үйлчилгээ, вэбсайтыг имэйл маркетинг ба шууд борлуулалтын аргаар дамжуулан хэрэгжүүлж болдог.

Давуу талууд
Интернэт маркетингийн хамгийн том давуу тал нь хамгийн их мэдээллийг өөртөө агуулж байдагт оршино. Хэрэглэгчид нь ямар ч цаг, ямар ч өдөр хамаагүй өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ интернэтээс хайлт хийн олж худалдан авах боломжтой. Борлуулалт хийх хүчийг хэмнэснээр интернэт маркетинг ашигласан компаниуд ч ихээхэн хэмжээний мөнгөө хэмнэх боломжтой байдаг. Ерөнхийд нь дүгнэвэл интернэт маркетинг нь дотоодын зах зээлээс үндэсний, олон улсын зах зээлд гарахад тань туслах болно. Сонгодог мэдээллийн хэрэгслүүд болох радио, хэвлэл ба ТВ-тэй харьцуулвал интернэт маркетинг нь маш бага зардалтай билээ.

Сонгодог буюу оффлайн мэдээллийн хэрэгслүүдээс ялгарах бас нэгэн онцлог нь интернэтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийг хянахад маш хялбар байдаг. Сурталчилгаагаа явуулж буй хүмүүст интернэт нь маш олон боломжыг олгож байдаг ба 2007 оны байдлаар интернэт маркетинг нь бусад медиаг бодвол хамгийн хурдацтай тархаж буй нь болоод байна.

Хязгаарлалт
Интернэт маркетинг нь хэрэглэгчдийг сонгодог медиатай харьцуулвал шинэ технологи ашиглахыг шаарддаг тул бүх хүмүүс таны мессежийг авч чадахгүй. Бага хурдны интернэт нь мөн сөргөөр нөлөөлж байдаг. Хэрэв зарим нэгэн компани маш их мэдээлэл бүхий график дүрс орсон вэб хийлгэвэл хэрэглэгч түүнийг нь нээх гэж удсаар байгаад үзэхгүй байх тохиолдол байдаг.

Худалдан авагчийн зүгээс харж болох өөр нэгэн хязгаарлалт гэвэл онлайн худалдан авалт хийхээс өмнө өөрийн хүрэх, үнэрлэх, амтлах мэдэрхүйгээ ашиглах боломжгүй байдаг. Гэвч энэхүү хязгаарлалтыг шийдвэрлэсэн зарим нэгэн бодлого байдаг нь онлайнаар худалдан авсан бараагаа таалагдахгүй бол буцааж болдог нөхцөл болно.

Аюулгүй байдлын тухай
Онлайн бизнест оролцож буй худалдан авагч ба компаниудын хувьд аюулгүйн асуудал нь туйлын чухал байдаг. Ихэнх хэрэглэгчдийн хувийн мэдээлэл нь онлайнаар худалдан авалт хийсэний дараа олон нийтэд задардаг гэж боддог учраас тэд онлайн худалдаа хийхээс татгалздаг байна. Саяхан хүртэл хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг худалдаалсан тохиолдлууд гарсан. Зарим нэгэн компаниуд хэрэглэгчдийнх нь мэдээлэл нууц хэвээр үлдэнэ гэж баталгааг гаргаж өгдөг.

Зарим нэгэн компаниуд хэрэглэгчийнхээ мэдээллийг өгөгдлийн сангаасаа устгах боломжыг хэрэглэгчид өөрт нь хүртэл олгож байдаг. Онлайн компаниудын хувьд аюулгүй байдлын асуудал нь тэдний толгой өвтгөсөн асуудал байсаар өнөөдрийг хүрлээ. Одоогоор нууцлалыг хамгаалж буй хамгийн шийдэл бол хувиргалтын арга юм. Үсэгт, тэмдэгт, тоо зэрэг бүхий л карактеруудыг хувиргаж түүнийг нь хэн ч тайлж чадахгүй болгох ба түүнээс нь эргүүлэн хувиргаж гарган хэрэглэгчид харуулах үйл явцыг хувиргалтын шийдэл хэмээн нэрлээд буй. Гагцхүү энэ аргаар л өнөөдөр онлайн төлбөр тооцоог хийхэд кредит картны дугаарын нууцлалыг шийдвэрлэж байна.

Бусад үйлдвэрлэлд нөлөөлөх нь
Интернэт маркетинг нь зарим нэгэн үйлдвэрлэлд тун хүчтэй нөлөө үзүүлдэг ба эдгээр нь: хөгжим, банк ба хуучин барааны зах ба сурталчилгааны зах зээл өөрөө юм. Сурталчилгаа хийлгэгч нь өөрийн сурталчилгааны төсвөө онлайнд илүү ихээр зарцуулж байгаа нь радионд зарцуулах төсвөөс хумсалж байгаа хэрэг болж зах зээлийг нь хуваалцаж байна гэж үзэж болох юм. Хөгжмийн үйлдвэрлэлийн хувьд хэрэглэгчид дууны файлуудыг татаж, худалдаж авдаг болсон нь СД-г худалдаж авах хэрэггүй болгов.

Банкууд өөрсдийн ихэнх үйлдлүүдээ онлайнаар хийх нөхцөл рүү шилжүүлсээр. Онлайн банкны үйлчилгээ нь банкны салбар луу заавал өөрийн биеэр очин байж үйлчлүүлэхээс илүү ая тухтай байж чаддаг. Одоогоор 150 сая гаруй Америкийн насанд хүрсэн иргэд онлайн банкны үйлчилгээнд хамрагдаж байна. Энэ тоо нь ч өссөөр байгаа бөгөөд өндөр хурдны интернэт холболтонд хамрагсдын тоо өсөж байгаа нь ч үүнтэй шууд холбоотой юм. Эдгээр хэрэглэгчдийн 44% нь одоогоор онлайн банкны үйлчилгээнд тодорхой хэмжээгээр хамрагддаг аж.

Интернэт дуудлага худалдааны цар хүрээ өдгөө асар их болжээ. Барааны зах дээр л хуучин олддог байсан эд зүйлс одоо eBay дээр зарагддаг болжээ. Хуучин барааг худалдан авах эсвэл зарахаар бэлдэж буй хүмүүс eBay орж үнийг нь хардаг болсон. Өдрөөс өдөрт гэрээсээ гарахгүй бизнес эрхэлдэг хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Сурталчилгааны хувьд интернэт маркетингд зарцуулж буй хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр л. PricewaterhouseCoopers-ийн мэдээлж буйгаар АНУ-д интернэт маркетингд нийт 16.9 тэрбум ам.долларыг 2006 онд зарцуулсан байна.

No comments: