Thursday, July 2, 2009

Интернэтийн хөгжил


Интернэт гэгч нь, хүчээ авах тусмаа улам олон хүнд улам олон мэдээллийг хүргэх чадвартай орон зайг үүсгэдэг дийлдэшгүй дауу талтай. Энэ их хүч чадлаараа интернэт нь мэдээллийг үйлдвэрлэгч ямар ч том телевиз, ямар ч том сонины компаний орших, эс оршихийг шийдэх чадалтай болж байна.

Жишээ нь, Гүүгл бол хайлтын системийн компани гэгддэг ч тоо томшгүй олон мэдээллийг хэрэглэгчдэд түгээдгээрээ мэдээллийн компанийн үүргийг гүйцэтгэдэг. Гүүглийн хайлтанд гарч ирэхгүй болох явдлыг "Google Ban" буюу "Гүүгл-ээс цөлөгдөх" гэж нэрлэдэг бөгөөд, хэрвээ ингэвэл тэр зүйл Интернэтээс ул мөргүй алга болсонтой адил гэж хэлэхэд бараг буруудахгуй биз ээ. Хичнээн том телевиз ч тэр, том сонин ч тэр, энэхүү хүчирхэг хайлтын системээс цөлөгдвөл интэрнэтэд амьд үлдэхгүй. Үүнээс үзэхэд, хайлтын систем нь мэдээллийн түгээлтийг удирдан зохицуулж, улмаар бусдын орших эс оршихийг шийдэх чадалтай мэдээллийн компани гэсэн үг юм. Энэ мэтчилэн, түгээгч нь үйлдвэрлэгчээ сүрдүүлэх чадвартай байх үзэгдэл интернэтэд цөөнгүй дайралддаг.

Үүний бас нэг жишээ нь YouTube.com юм. YouTube дээр өөрсдийнх нь видеог дураараа тавьж, зохиогчийн эрхийг нь зөрчсөнд уурласан ч гэсэн, YouTube дээр хүмүүс сонирхож, үзэж байгаа нь эргээд өөрсдийг нь сурталчилж байгааг ойлгосон дуу бичлэгийн компаниуд болон телевизүүд өөрсдийнхөө барааг чөлөөтэй хэрэглэхийг YouTube-д зөвшөөрсөн тохиолдол нилээдгүй гарч байна.

YouTube-ийн хэрэглэгчдийн ихэнхи нь үүнийг "Шинээр гарч ирж байгаа жижиг компанийг томчуул тоож авч хэлэлцэхгүй байгаа биз" хэмээн бодож байж ч магадгүй. Гэвч үнэн хэрэг дээрээ тэр томчуул нь YouTube-г , өөрсдийнх нь юмыг дур зоргоороо ашиглаж байгаад ундууцаж байгаа ч, тэр бухимдлаа даран байж гар барьж сайндахаас өөр аргагүй компани гэж үзсэндээ энэ буултыг хийж байгаа билээ. YouTube-г шүүхэд өгч заргалдсан ч дийлэх эсэх нь тодорхойгүй, дийлчихдэг юмаа гэхэд YouTube-тэй адил компаниуд дараа дараагаасаа хэдэн арваараа, хэдэн зуугаараа дахиад л гарч ирнэ.

Сонингийн нийтлэл ч мөн адил. ГүүглНюүс дээр өөрсдийнхөө нийтлэлүүдийг гаргуулсанаар уг сонины вэб сайтад хандах хандалт ихэснэ. Харин ГүүглНюүс дээр гарч ирэхгүй бол уг сонины ирээдүй ч тун бүрхэг болно доо.

Номны тухайд ч дээрхтэй яг адил. Хамгийн том онлайн номын дэлгүүр болох Амазоны гэдэнг хөдөлгөж "бан"-дуулсан ном хит болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Амазон.ком одоо дан ганц ном биш, дуу хөгжим, тоглоом, сонин сэтгүүлээс авахуулаад гутал хувцас, software, hardware хүртэл зардаг болсон. Үйлдвэрлэгчээс илүү түгээгч нь эрх мэдэлтэй болсон одоо үед Амазон улам хүчээ авах нь дамжиггүй. Японд одоо хүчээ авч буй онлайн их дэлгүүр Ракүтэн-д дэлгүүр нээж чадахгүй л бол онлайн дэлгүүр ажиллуулах тухай бодох ч хэрэггүй болж байна.

No comments: