Monday, July 6, 2009

Цахим худалдаа буюу E-commerce


Бид интернет ид цэцэглэж эхэлсэн үеэс эхлээд E-Commerce буюу Цахим Худалдааны талаар ихийг сонссон хэдий ч яг чухам юуг хэлдэг, яаж хийж болох талаар мэдээлэл маш муутай явдаг бөгөөд энэ талаар цаашид дэлгэрэнгүй бичнэ гэж бодож байна.

Цахим Худалдаа (electronic commerce, e-commerce, eCommerce, EC гэх мэтээр бичдэг) гэдэг нь Интернет болон бусад компьютерын сүлжээгээр дамжуулан бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг худалдах, худалдан авахыг хэлдэг. Үүний зэрэгцээ Цахим Бизнес буюу e-business гэсэн шинэлэг нэр томъёотой хослон эсвэл адил утгаар хэрэглэгдэж байгаа билээ. Мөн e-tailing гэж жижиг худалдааг (retailing) хэлж болдог.

Интернет хөгжихийн хирээр цахим худалдаа нь улам өргөжин тэлж, жилээс жилд интернетээр хийсэн борлуулалтын хэмжээ хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх болжээ. Forrester Research-ийн гаргасан судалгаанд дүгнэснээр 2008 оны 11-12 сард онлайн худалдаа нь $44 тэрбумд гэж тооцоолсон нь өмнөх үеийнхээс 12%-иар өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч сүүлийн үеийн санхүүгийн хямралаас шалтгаалан хүмүүс арай бага мөнгө зарцуулна гэсэн хандлага 45%-тай байгаа нь өнгөрсөн оны 20%-иас нэмэгдсэн тоотой гарчээ.

Цахим худалдаа өсөн хөгжихийн хирээр цахим мөнгө шилжүүлэх (electronic funds transfer), нийлүүлэлтийн сүлжээний менежмент (supply chain management - SCM), үйлчлүүлэгчдийн харилцааны менежмент (customer relationship management - CRM), Интернет маркетинг, цахим өгөгдөл солилцох (electronic data interchange - EDI), агуулахын менежмент (inventory management), автомат өгөгдөл цуглуулах систем (automatic data collection system) зэрэг олон шинэлэг системүүд гарч техник технологийн олон шинэ ололтууд нэвтэрсэн билээ. Цахим худалдаанд гол төлөв Дэлхий нийтийн вэб-WorldWideWeb (WWW)-ийг хэрэглэдэг бөгөөд энэ нь бүхлээрээ эсвэл цахим гүйлгээний аль нэгэн шатанд хэрэглэгдэж болно. Үүнээс гадна и-мэйл болон телефон утсыг ч ашиглаж байгаа.

E-tailing Цахим дэлгүүр

Цахим жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдийн эх орон болсон Вэб нь эдгээр дэлгүүрүүдийг 24 цаг тасралтгүй ажиллах боломжийг олгож, дэлхийн бөмбөрцгийн хаа ч хүргэж байгаа бөгөөд харилцагчийн мэдээллийг бүртгэн авах динамик боломжуудыг хангаснаараа захиалгыг оновчтой биелүүлэх, төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэх үндэс суурийг хангаж байгаагаараа бизнесийн байгууллагуудад хэдэн тэрбумын орлогын эх үүсвэр болон хөгжиж байна. Бүүр 1997 дундуур гэхэд Dell Computers өдөртөө сая ам.долларын борлуулалт хийж байсан байна. 1999 эхээр цахим худалдааны нийт борлуулалт нь тэрбум долларыг давсан бөгөөд цахим худалдаагаар амжилттай явж байгаа компаниудын хувьцааны үнэ тэнгэрт хадаж байлаа. Хэдийгээр 2000 оны эдийн засгийн хэлбэлзлийн үед олон компаниуд хаалга барьсан боловч Amazon.com , CDNow.com вэбсайтууд өсөлттэй хэвээр байна.

Цахим Өгөгдөл Солилцох (electronic data interchange - EDI)
EDI бол тодорхой стандарт өгөгдлийн бүтцийг ашиглан бизнесийн мэдээллийг солилцох үйл явц юм. Энэ нь интернетээс өмнө хэрэглэгдэж эхэлсэн юм. Эхэн үеийн өгөгдөл солилцох үйл явц голцуу харилцан бие биенээ мэддэг, харилцан итгэлтэй талууд шууд 1-1 холболтыг телефон утсаар модемоор холбогдон гүйцэтгэдэг байсан. Сүүлийн үед өгөгдлийн хялбараар солилцох шинэлэг стандарт бол мэдээж XML (Extensible Markup Language) юм. XML нь ямарч төрлийн өгөгдлийг уян хатан байдлаар солилцох боломжийг бүүр тэс өөр дизайнтай системүүдэд олгодогоороо давуу талтай юм. XML нь нээлттэй чөлөөтэй стандарт байдлаар W3C-гээс дэмжигдэн хөгжиж байгаа бөгөөд бизнес, санхүүгийн байгууллагуудын хувьд eXtensible Business Reporting Language буюу XBRL гэсэн сайжруулсан стандартыг XML дээр суурилан боловсруулан хэрэглэж байгаа нь цахим худалдаанд өргөн хэрэглэгдэж байгаа билээ.

И-мэйл, Факс болон Телефон
Цахим худалдааг мөн и-мэйл, факс, телефон утас, интернет утас, гар утас зэргээр дамжуулан гүйцэтгэж болох хэдий ч олон төрлийн хязгаарлалт, сул талуудтай юм. Нилээд компаниуд нь эдгээр харилцааны хэлбэрийг ашиглан зар сурталчилгаа явуулдаг нь хүлээн авагчид таагүй байдаг бөгөөд спам буюу хогийн и-мэйл гэсэн нэр томъёо төдийгүй том бизнес болтлоо хөгжсөн байна. Харин нилээд олон бизнесийн байгууллагуудын вэбсайтууд сар тутмын сэтгүүл и-мэйл санал болгодог нь хүмүүсийг ямар мэдээлэл авахаа сонгох боломжийг олгодог, мөн хэдийд захиалах, захиалга цуцлах боломжтойгоороо сайшаалтай юм. Ингэснээрээ хүмүүс өөрийн хүссэн төрлийн зар сурталчилгааг хүлээн авч үзэх эрхийг нээж байгаа юм.

Бизнесээс-Бизнест худалдах, худалдан авах

Маш олон компаниуд интернет, вэбсайтаа ашиглан өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ 24 цагаар сурталчлах боломжийг олгохоос хязгааргүй олон хүнд маш хямд зардлаар хүрэх бололцоо олгож байгааг олж мэдсэн байна.

Санхүүгийн гүйлгээний аюулгүй байдал

Аюулгүй байдал гэдэгт гүйлгээ хийж байгаа хүнийг танин нэвтрүүлэх, бүртгэлтэй болон тодорхой хэрэглэгчдийн хандах эрхийг зөвөөр тогтоох, бүх дамжиж байгаа харилцаа холбоог нууцлах хийгээд санхүүгийн гүйлгээний нууцлал, хурдан шуурхай байдлыг хангахад чиглэгдсэн ажлууд хамаарна. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг технологи гэвэл SSL (Secure Sockets Layer) буюу вэб хөтчөөр дамжиж байгаа бүх мэдээллийг нууцлан замаас барьсан ч шууд уншигдахааргүй нууцлал юм.


No comments: