Wednesday, July 1, 2009

Электрон бизнес


Электрон бизнес (e-бизнес) гэдэг нь олон зүйлийг агуулсан маш өргөн ойлголт байдаг. Товчхондоо э-бизнес нь мэдээллийн технологи ашиглан хийгддэг бизнес. Электрон арилжаа (э-арилжаа), электрон төлбөр тооцоо (э-төлбөр тооцоо) гэсэн вэб технологид суурилсан бизнесүүд нь э-бизнесийн нэгээхэн хэсэг юм. Э-бизнесийн бусад бизнесээс ялгагдах хамгийн гол бөгөөд амин чухал чанар нь интернет дээр хийгддэгт оршино. Бизнес хийгдэх, үйл ажиллагаа явагдах зарчим ердийн бизнестэй адил, өөрөөр хэлбэл цоо шинэ зүйл мэтээр бусад бизнесээс салгаж ойлгож болохгүй. Харин бизнесийн шинэ загвар гэж хэлж болох юм. Учир нь уламжлалт бизнесээс ялгаатай тал нь орон зай цаг хугацаа хамааралгүйгээр бизнес глобал орчинд хийгддэг.

Үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгч, хэрэглэгч-бараа нийлүүлэгчид, үйлдвэрлэгч-хэрэглэгч, үйлдвэрлэгч-худалдагч хоорондох харилцааг ойртуулж, элдэв шат дамжлагыг цөөрүүлж, бизнесийн уялдаа холбоог сайжруулж байна.

Худалдан авсан бараа үйлчилгээний төлбөрийг электрон аргаар гүйцэтгэх тухай санаа бол цоо шинэ зүйл огт биш билээ. Бүхэлдээ биш ч нэгээхэн хэсэг нь электрон аргаар гүйцэтгэгдэж байгаа төлбөр тооцооны хэрэгслүүдийг бид өдөр бүр л харж байдаг билээ. 1970-аад оны эцэс, 80-аад оны эхэн үеэс эхлээд төлбөр тооцооны хэрэгсэл маш бага ч тодорхой хэмжээгээр компьютерийн сүлжээгээр дамжих болж эхэлсэн. Харин Интернет бий болсон нь бүх зүйлийг үндсээр нь өөрчилсөн юм. Интернетийн сүлжээнд холбогдсон компьютерийн тоо гэхэд л өнөөдөр хэдэн арван саяар тоологдож байна. Төлбөр тооцоог бэлэн бусаар гүйцэтгэхэд мэдээллийн технологи, компьютерийн сүлжээ ихээхэн үүрэг гүйцэтгэх болжээ. Өөрөөр хэлбэл энэ технологи хүн төрөлхтний түгээмэл хэрэглээ болж чадсан.

ХХI зууныг мэдээллийн зуун болно гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн энэ үед манай орны хувьд интернетийн орчин дахь програмчлал, мэдээллийн технологи нь бусад оронтой харьцуулахад хөгжиж байгаа, орчин үеийн интернетийн програмчлалын шилдэг технологиудыг ашиглаж хийсэн бүтээл цөөнгүй байгаа нь сайшаалтай хэрэг юм. Интернетийн орчинд мэдээлэл дамжуулах болон програмчлах орчин үеийн дэвшилтэт технологийг судлах, нэвтрүүлэх ажил нь манай орны хувьд чухал ач холбогдол бүхий зайлшгүй асуудал юм.

No comments: